Вирусын Балтиморын ангиллын систем

Вирусыг удамшлын мэдээллийн төрлөөр нь 7 ангилдаг ба өөрийгөө хувилан үржих хэлбэр нь тус бүр өөр өөр байдаг. Энэ ангиллын системийг Балтиморын ангиллын систем гэж нэрлэдэг.


Вирус халдварласан эсийнхээ механизмийг ашиглаж өөрийгөө үржүүлхийн тулд өөрийн удамшлын мэдээллээ мРНХ хэлбэрт шилжүүлэх шаардлагатай. мРНХ болгосноор эсийн рибосом өөрйин мРНХ ийн адилаар нийлэгжүүлдэг.

  1.    Давхар гинжит ДНХ вирус (double-stranded DNA virus(dsDNA вирус))

    Удамшлын материал нь хос гинжин ДНХ-ийн молекул байна. Эсийн бөөмд орж РНХ полимеразын тусламжтайгаар вирусын мРНХ нийлэгжиж, үргэлжлүүлэн рибосом энэхүү вирусын мРНХ-г уншиж, вирусын уургуудыг нийлэгжүүлж, вирусын хэсгүүд бий болдог.

    Жишээ: Poxvirus: Цагаан цэцэг өвчин үүсгэгч, Herpesvirus: Хомхой үүсгэгч, Adenovirus:Амьсгалын замын халдвар үүсгэгч, Papillomavirus: Хүний хөхөнцөр вирус.

  2.   Дан гинжит ДНХ вирус (single-stranded DNA virus(ssDNA virus):

    Удамшлын материал нь ганц гинжин ДНХ-ийн молекул байна. Эсийн бөөмд орон эхлээд ДНХ полимеразын тусламжтайгаар Дан гинжит ДНХ -гээ Давхар гинжит ДНХруу хувиргадаг. Удамшлын мэдээллээ Давхар гинжит ДНХ болгосны дараа 1-р бүлгийн вирустэй ижил замаар вирусын тоогоо нэмдэг.

    Жишээ: Canine parvovirus: Нохойд үхэлд хүргэж болзошгүй хүнд хэлбэрийн гэдэсний үрэвсэл (цусан суулга) үүсгэгч, Parvovirus B19: Хүнийг халдварладаг бөгөөд хүүхдэд "тав дахь өвчин" буюу хацар дээр тод улаан тууралт гардаг өвчин үүсгэгч.

  3. Давхар гинжит РНХ вирус (double-stranded RNA virus(dsRNA virus))

    Удамшлын материал нь хос гинжээс тогтсон РНХ-ийн молекул байна. Вирус өөрийн капсид дотор агуулагдах, РНХ-г уншиж, түүнээс дахин РНХ хувилдаг фермент болох RdRp-ийн тусламжтайгаар давхар гинжит РНХ-гээ мРНХ болгон хувиргадаг.

    Жишээ: Rotavirus: Хүүхдийн гүйлгэлт өвчин үүсгэгч, Bluetongue virus (BTV): Хонь, үхэр зэрэг хивэгч амьтдад "хөх хэл" өвчин үүсгэгч, Infectious bursal disease virus (IBDV): Тахианы дархлааны системийг гэмтээдэг өвчин үүсгэгч.

  4. Эерэг (+)  дан гинжит РНХ вирус (positive sense single-stranded RNA virus((+) ssRNA))

    Удамшлын материал нь ганц гинжээс тогтсон РНХ-ийн молекул байна. Эерэг (+) утгат гэдэг нь вирусын РНХ шууд эс дотор рибосомд уншигдах боломжтой РНХ хэлбэр юм. Өөрөөр хэлвэл Эерэг (+)  дан гинжит РНХ нь өөрөө мРНХ-ийн үүрэг гүйцэтгэдэг.

    Жишээ: SARS-CoV-2: COVID-19 өвчнийг үүсгэгч коронавирус,  Hepatitis C virus: Гепатит С өвчнийг үүсгэгч вирус, Poliovirus: Полиомиелит буюу хүүхдийн саажил өвчнийг үүсгэгч, Rhinovirus: Энгийн ханиадыг үүсгэдэг гол вирусуудын нэг, Dengue virus: Денгийн халуурлыг үүсгэгч.

  5. Сөрөг (-) дан гинжит РНХ вирус (negative sense single stranded RNA virus ((-)ssRNA вирус)

    Удамшлын материал нь ганц гинжээс тогтсон РНХ-ийн молекул байна. Сөрөг (-) утгат гэдэг нь вирусын РНХ шууд эс дотор рибосомд уншигдах боломжгүй тул эхлээд эерэг (+) утгат РНХ болж хувирсны дараа рибосомд уншигдах боломжтой болдог.

    Жишээ: Influenza virus: Улирлын томууг үүсгэгч, Rabies virus: Галзуу өвчнийг үүсгэгч, Measles virus: Улаанбурхан өвчнийг үүсгэгч, Ebola virus: Эбола вируст өвчнийг үүсгэгч, Mumps virus:Гахайн хавдар өвчнийг үүсгэгч.

  6. Дан гинжит урвуу транскриптаз РНХ вирус (single-stranded RNA- Reverse Transcriptase virus (ssRNA-RT virus)

    Энэ ангийн вирусууд нь дан гинжит, эерэг (+) утгат РНХ-тэй байдаг. Гэхдээ тэд бусад РНХ-тэй вирусууд шиг РНХ-гээ шууд уураг болгон хөрвүүлдэггүй, харин урвуу транскриптаза ферментийн тусламжтайгаар өөрсдийн РНХ-ийн мэдээллийг ДНХ болгон хувиргадаг. Энэ үйл явцыг урвуу транскрипц гэдэг. (Удамшлын мэдээлэл РНХ → ДНХ гэсэн "урвуу" чиглэлд явагддаг учраас эдгээр вирусыг ретровирус ("ретро" - буцах, эргэх) гэж нэрлэдэг.)

    Жишээ: HIV: Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ), Human T-lymphotropic virus (HTLV): Хүний Т-эсийн цусны хорт хавдар үүсгэгч вирус, Feline leukemia virus (FeLV): Муурны цусны хорт хавдар үүсгэгч вирус, Simian immunodeficiency virus (SIV): Приматуудад (бич) дархлал хомсдол үүсгэгч вирус, Rous sarcoma virus (RSV): Тахианд саркома (хорт хавдрын нэг төрөл) үүсгэгч вирус

  7. Давхар гинжит урвуу транскриптаз ДНХ вирус (double-stranded DNA- Reverse Transcriptase virus(dsDNA-RT virus)

    Энэ ангийн вирусууд нь давхар гинжит ДНХ-тэй байдаг ч мөн л урвуу транскриптаза ферментийг ашигладгаараа онцлог. Тэдний үржлийн явцад ДНХ-ийн мэдээлэл нь эхлээд РНХ болон хувирч, дараа нь тэр РНХ-гээсээ урвуу транскриптаза ферментийн тусламжтайгаар шинэ ДНХ-ийн геномыг нийлэгжүүлдэг.

    Жишээ: Hepatitis B virus: Гепатит В вирус, Cauliflower mosaic virus (CaMV): Цэцэгт байцаа зэрэг ургамлыг халдварладаг вирус

 

"Overview of the Baltimore classification of viruses" by Thomas Splettstoesser (www.scistyle.com) is licensed under CC BY-SA 3.0 via Wikimedia Commons.

 
Next
Next

Вирусын үржил