Аэроб амьсгал болон Анаэроб амьсгал

Эсийн амьсгал (Аэроб амьсгал болон Анаэроб амьсгал)

 ·      Аэроб амьсгал (Хүчилтөрөгчтэй амьсгал)

 Аэроб гэдэг үг нь “Хүчилтөрөгчтэй” гэсэн утгатай.

 Эсийн дотор хүчилтөрөгч хангалттай үед хүчилтөрөгчийн оролцоотойгоор эсийн доторх шим тэжээлийг задалж, их хэмжээний энерги үүсгэх үйл явцыг Аэроб амьсгал гэдэг.

 

Аэроб амьсгалын томьёо:

Глюкоз + Хүчилтөрөгч ⟶ Нүүрстөрөгчийн давхар исэл + Ус + Энерги (их)

 Глюкозыг бүрэн задалж, нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂), ус (H₂O) болон маш их хэмжээний энерги (АТФ) ялгаруулдаг. Хүний болон ихэнх амьтан, ургамлын эсүүд энэ замаар энергиэ авдаг.

Явагдах газар: Эсийн цитоплазм ба митохондрид явагдана.

 

·      Анаэроб амьсгал (Хүчилтөрөгчгүй амьсгал)

“Ан” гэдэг нь англиар “үгүй” гэсэн утгатай угтвар үг бөгөөд an+aerobic буюу хүчилтөрөгчгүй гэсэн утгатай.

 

Анаэроб амьсгал нь эсийн дотор хангалттай хүчилтөрөгч байхгүй үед шим тэжээлийн бодис задалж, бага хэмжээний энерги үүсгэх үйл явц юм.


Анаэроб амьсгалын томьёо:

(Хүн болон амьтны биед): Глюкоз → Сүүний хүчил + Энерги

 (Ургамал болон хөрөнгөний мөөгөнд): Глюкоз → Этанол + Нүүрстөрөгчийн давхар исэл + Энерги

 

Богино хугацаанд Глюкозыг бүрэн бус задалж, бага хэмжээний энерги ялгаруулна. Үүний үр дүнд хүн болон амьтны булчингийн эсэд сүүний хүчил, харин хөрөнгө болон ургамлын эсэд этилийн спирт ба нүүрстөрөгчийн давхар исэл үүсдэг.

Явагдах газар: Зөвхөн эсийн цитоплазмд явагдана.


Жишээ:

Бидний бие хүнд дасгал хөдөлгөөн хийх үед булчингийн эсүүдэд хүчилтөрөгч хангалттай хүрч чадахгүй үед анаэроб амьсгал явагдаж, сүүний хүчил хуримтлагдсанаар булчин ядарч, өвддөг. 

Талх барих, шар айраг исгэх зэрэгт хөрөнгөний мөөгийг ашигладаг нь анаэроб амьсгалын үр дүнд спирт ба нүүрстөрөгчийн хий ялгаруулдагтай холбоотой.

 

 
 



Previous
Previous

Амьд биеийн үндсэн шинж чанар

Next
Next

Доминант ба Рецессив генийн тухай